Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар нь Төв азийн тал нутаг, Сибирийн тайгатай зэрэгцэн Монгол орны хойд хэсэгт байгалийн үзэсгэлэнт төрхийг хадгалан оршдог. Хөвсгөл нуурын эргээр нүүдэлчин овог аймгууд олон зууны турш мал сүргийн хамт уламжлалт ахуй амьдралын хэв маягийг хадгалан, өвсний шим, усны тунгалагийг бараадан амьдарсаар иржээ.

Хөвсгөл нуур орчмын байгалийн үзэсгэлэнт цогцлон бүрдсэн нийт 838,000 га газрыг 1992 онд байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. 2011 онд Үүр голындээд хэсгийг тусгай хамгаалалтанд нэмж оруулсанаар нийт талбайн хэмжээ 1,180,270 га болж өөрчлөгдсөн. Байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл нуурыг чиглэсэн гадаадын болон дотоодын аялагчдын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд цаашид улам ихсэх нь дамжиггүй юм.

Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед Хөвгөл нуур, түүний онгон байгалийг үзэн баясаж, таньж мэдэн нь аялагчдын хувьд ховор тохиол билээ. Хамгаалалтын захиргааны ажиллагсад, нутгийн ард иргэд болон бусад хүмүүс үзэгслэнт сайхан байгалиа өнөө болон ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд хичээнгүйлэн ажилладаг.

Хөвсгөл нуур

Байршил: Хөвсгөл аймаг, Ханх, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ сумд Х.Ө50027.625' , з.у 100010.438' /Хатгал боомт/
Улаанбаатар хотоос баруун хойш:772 км алслагдсан
Мөрөн хотоос хойш: 101 км алслагдсан
Далан түвшнээс дээш: 1645 м өргөгдсөн
Нуурын талбайн хэмжээ : 2612ам.дөр.км
Нуурын хамгийн гүн: 262 метр

Монгол орны хойд хэсэгт орших Хөвсгөл нуур нь тус орны хоёр дахь том нуур юм. Хөвсгөл нуур эртний төрмөлийн эриний үеийн хагарал дагасан теконикийн гүн зөрөгт хотост тогтсон уулын нуур учраас эргийн байдал их хэрчигсэн, булан тохтой, арал хойг, элэгдлийн чулуут эгц дэнж, хадан хясаа элбэгтэй, уртрагийн дагуу сунаж тогтсон гонзгой зууван хэлбэртэй. Нуур хойноос урагш 133,4 км урт, баруунаас зүүн тийш 39,5 км өргөн, 414км эргийн шугамтай. Хөвсгөл нуур нь 380 шоо.дөр.км усны нөөцөөрөө дэлхийд 14, Азид хоёрт орох бөгөөд манай орны гадаргын цэвэр усны нөөцийн 93,6 хувийг, дэлхийн нийт цэнгэг усны нөөцийн нэг хувийг өөртөө агуулдаг.

Хөвсгөл нуур нь Модон хүй, Хадан хүй, Далай хүй, Бага хүй гэсэн 4 аралтай. Эдгээрээс хамгийн том нь хойд эргээсээ 70-аад км зайтай орших Далайн хүй арал юм. Энэ арал усны мандлаас 126 м өндөр, 3.4 км урт, 2 км өргөн, 5.8 ам.дөр.км талбайтай. Битүү ой модоор хучигдсан үзэсгэлэнт энэ арлын эргийн шугамын урт 8.5 км юм.

Хөвсгөл нуурыг анх 1913 оноос эхлэн усан замын тээвэрт ашиглаж ирсэн учир түүний эдийн засгийн ач холбогдол бусад нуураас илүү юм. Нуурын хойд, урд эрэгт байрлах Хатгал, Ханхын дамжлага баазын хооронд усан тээвэр хийдэг байв. Судлаачид Хөвсгөл гэдэг үгийг Хувс-коль буюу Их уст гүн нуур гэдэг турк үгнээс гаралтай гэж үздэг байна.

Ан амьтад

Хөвсгөл нуурын сав газар нь амьтадаар баялаг бөгөөд 68 төрлийн хөхтөн амьдардаг болох нь тогтоогдсон. Тарвага, Аргал, Янгир, Хүрэн баавгай, Чоно, Сибирийн хандгай, булга, бор гөрөөс гэх мэт зарм хөхтөн амьтныг нэрлэж болох ба зарим газарт ирвэсний мөр олдсон байдаг. Өвлийн улиралд цаг агаар эрс хүйтэрч Хөвсгөл нуурын сав газар зузаан цасан бүрхүүлээр хучигдаж зэрлэг амьтад хатуу өвлийг хорогдолгүйгээр давах олон сорилтууд тулгардаг. Иймээс амьтад ирэх өвлийг даван туулхаын тулд зуны богино хугацаанд тарга хүчээ олж авдаг.

Шувуудын амьдарл сонирхолтой бөгөөд маш олон янз. Тухайлбал БЦГ-т 244 зүйлийн шувууд алс холоос нүүдэллэн ирж зусаад хүйтний улирал эхлэхэд дулаан орныг зорин нисдэг. БЦГ-т ирж буй аялагчид ихэвчлэн бүргэд, элээ, хун зэрэг олон зүйлийн галуу дууч шувуудыг ажиладаг. Хөвсгөл нуурын тэжээллэг давхрагын түвшин Байгаль нууртай харьцуулахад бага усны тугалагжилт өндөр байдагтай холбоотойгоор 9 зүйлийн загас нутагшсан. Загасчдын сонирхолыг Евро-Азийн алгана, гутаар, Ленок, Хөвсгөлийн хадран болон дэлхийд ховордож буй бусад загаснууд илүү ихээр татдаг.

Нутгийн зон олон

Усны шим соргогийг даган маллаж, нүүдэллэн амьдардаг. Нутгийн иргэд Хөвсгөл нуураа “Далай” хэмээн биэгшээж, “Далай ээж” гэж хүндэтгэн нэрийддэг. Нуурын баруун хойд зүгт орших Саяаны уулсын ноён оргил, мөнх цаст “Бүрэнхаан” хайрханыг аавтайгаа зүйрлэн “Хаан аав”, зүүн талд орших “Хатан хаан” уулыг “Хатан ээж” хэмээн хүндлэн нэрлэж, энэ хоёр мөнх шүтээндээ амь нас, эрүүл мэндээ даатган залбирч хүндлэн биширдэг уламжлалтай билээ.

Бүрэнхаан уулын зүүн талд хурц оройтой Хатан хаан уул баруун талд нь 5 хүү нь болох Наранхүү, Саранхүү, Галхүү, Эрдэнэхүү, Одхүү нар зэрэгцэн оршино. Хаан ба Хатны урд ширээ мэт орших дөрвөлжин оройтой Баясгалант хайрхан залрах ба баруун биед нь бумба хэлбэр бүхий тахилын уул Баян уул оршино. Бүрэнхаан уулын урд өврөөс Есөн булаг ундран гарах бөгөөд үүнийг Хөвсгөл далайн эх ундрага хэмээн дээдэлдэг.

Уул нурууд, ой мод

Хөвсгөл нуур баруун талаараа эгц цамчим өндөр уулс, зүүн талаараа хамхан уулс ой модоор хүрээлэгдсэн. Баруун болон хойд Саяаны салбар уулс орших бөгөөд хамгийн өндөр Бүрэнхаан уул далайн төвшнөөс дээш 3491 метрийн өндөрт оршино. Байгалийн Цогцолборт газарт нуур бүхэлдээ мөн төв азийн тал нутгаас Сибирийн тайгын өвсөрхөг ой руу шилждэг бүс багтдаг. Зуны улиралд уулын нугад өнгө өнгийн цэцэгс алаглан байгалийн үзэгслэнг улам чимнэ. Ойролцоогоор 800 орчим төрөл зүйлийн мод, бутлаг ургамал нуурын ай савд ургадгаас 80 орчим нь уламжлалт эмчилгээнд, 10 орчим нь хүнсэнд хэрэглэгддэг. Ойн нөөцийн 80 хувийг шинэс мод эзэлдэг.